Дөрвөн жил “дуншсан” номын сангийн барилга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Нийтийн номын сангийн шинэ барилга дөрвөн жил “дуншиж” байж сая ашиглалтад орлоо.
2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас зарласан тендэрт “Донж хацу” ХХК гүйцэтгэгчээр нь шалгаран 400 сая төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан хэдий ч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилгын ажил сунжрахад хүрсэн юм.
2016 оны 8-р сард БСШУ-ны сайдад дээрх барилгыг ашиглалтад бүрэн оруулах, засварлахад шаардлагатай 142 сая төгрөгийн эрхийг орон нутагт шилжүүлэн, сонгон шалгаруулалтаар “Тамирын цахиур” компани шалгарч дотор талын засал чимэглэлээ хийж дуусгалаа. Уншлагын хоёр танхим, дээр нь VIP өрөөтэй тус номын сан тун удахгүй “Цахим номын сан”-тай болох гэнэ.
Ийнхүү бүхэл бүтэн дөрвөн жил түрээсийн байранд, тоос шороонд битүү дарагдан байсан ном уншигчийн гарт хүрч, оюунд шимтэгч олны сэтгэлийг баясгалаа.
Тус номын сангийн дээврийн ажил болоод, гадаад тохижилтыг улирлын байдлаас шалтгаалан 5-р сарын 10-нд бүрнээ хүлээлгэж өгөхөөр болжээ.
Б.Баясгалан