200 тонн өвсийг улсын нөөцөөс гаргаж өгөхөөр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРӨвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн онцгой комисст заавар зөвлөгөө өгч тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа.
Аймгийн онцгой комиссыг хуралдуулж зарим асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал аймгийн хэмжээнд 200 тонн боодол өвсийг даруй хүргүүлж мөн Хэнтий, Дорнод аймгийн гурилын үйлдвэрээс хивэг тэжээлийг хямдралтай үнээр худалдаж авах зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. 2015 онд аймгийн хэмжээнд 67 удаагийн түймэр гарч Сүхбаатар Түмэнцогт сумдын нутгийн 60-90 орчим хувь нь түймэрт өртсөн мөн энэ зун хур бороо багатай гандуу зун болсон нь өвөлжилт хүндрэх нөхцөл болж байна. Иймд аймаг сумын удирдлагууд анхаарч малчдад чадах чинээгээрээ туслах хэрэгтэй гэж аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц.Лхамсүрэн хэлж байлаа.
Тус ажлын хэсгийнхэн Хэнтий, Дорнод аймгаас ирэх замдаа Сүхбаатар сумын өвөлжилтийн байдалтай танилцсан байна. Аймгийн болон сумдын онцгой комисс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцуулжээ. Эрүүл мэндийн машин тутмаг эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж чадахгүй, эмнэлгийн эм тарианы нөөц хангалтгүй, мөн ихэнх нутагт өнгөрсөн хавар түймэр гарсны улмаас өвсний нөөц хүрэлцээгүй, хаагдсан зам харгуйг нээх ,шатахууны асуудал шийдвэрлэхэд хүндхэн байгааг хэлж байсан. Дээрх асуудлыг улсын онцгой комиссын нэгдсэн хурал дээр тавих юм байна. Аймаг сумын удирдлагууд өөрсдийн нөөц боломжоор өвөлжилтийн байдлыг хангасан байсныг онцгой байдлын дэд дарга хэлсэн үгэндээ тодотголоо.
Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа учир аль аль талдаа нөөц боломжоо ашиглах өвлийг өнөтэй даван туулахыг тэрээр хэлсэн юм. Одоогийн байдлаар 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндхэн байна.
А.Нарантунгалаг