Дундговь аймгийн 8 сургууль тэтгэлэг авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-14 16:57:42

Бага ангийн сурагчид байгалийн ухааны хичээлийг бодит орчинд судалснаар байгалийн юмс үзэгдлийн мөн чанарыг ойлгоход илүү дөхөм болж, таамаглал дэвшүүлэн мэдээлэл боловсруулах, шинжлэн судалж, эрэл хайгуул хийн дүгнэлт гаргах арга барилд суралцана. Түүнчлэн байгаль орчноо хайрлах үзэл хандлагаар төлөвшинө гэсэн зорилго бүхий  “Бяцхан экологчид” төслийг  Сайнцагаан сумын “Мандал” сургууль хэрэгжүүлэхээр болжээ.

Яг үүн шиг бага боловсролын эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор өөр өөрийн онцлог бүхий төслүүдийг 8 сургууль хэрэгжүүлэх юм. Эдгээр төсөл нь  Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУЯ- ны хэрэгжүүлж байгаа “Боловсролын чанарын  шинэчлэл” төслийн хүрээнд  4- 6 сая төгрөгийн тэтгэлэг авчээ.

Дээрх “Мандал” сургуулиас гадна Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” сургууль, Хулд, Цагаандэлгэр, Өлзийт, Дэлгэрцогт, Баянжаргалан, Өндөршил сумын сургууль тэтгэлэгт хамрагдсан бөгөөд улсын хэмжээнд тэтгэлэг авсан 200 төслөөс шилдэг 20 төслийн жагсаалтад “Говийн ирээдүй” сургуулийн “Сургамжит жүжиг”, Баянжаргалан сумын сургуулийн “Боржгоны үлгэрч багачууд”, Хулд сумын сургуулийн “Алим” төсөл тус тус багтжээ.

Сургуулиуд төслөө ирэх хичээлийн жилд ч үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Эхний удаад тэтгэлгийн 80 хувийг олгож, төслийн үр дүнг харгалзан үлдсэн санхүүжилтыг олгох бөгөөд сургуулиуд төслөө хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж байгаад нь Боловсрол, соёлын газар хяналт тавьж ажиллах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ