Хүүхдийн мөнгө олгох асуудлыг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-20 13:25:45

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн ба нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн юм. Тус тогтоолын төсөлд 0-18 насны нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн. Тодруулбал, Засгийн газар хүүхдийн мөнгийг бүрэн хэмжээгээр өгье гэвэл төсвийн тодотголыг яаралтай өргөн барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Энэ ажлыг хариуцаж буй ажилтнууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Цас зудын бэрхшээлтэй энэ үед мэдээлэлгүйгээс хүүхдүүд мөнгөө авч чадахгүй хоцрох вий. Тиймээс ямар нэг ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгоход анхаарах нь зүйтэй юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт энэ үеэр тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргахад олонх дэмжив. 

Б.Туул

Холбоотой мэдээ