Б.Баясгалан: Ундны усны зэв нь ус дамжуулдаг шугамын насжилттай холбоотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-09-26 16:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-аас зохион байгуулсан “Нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал” хэлэлцүүлгийн үеэр зэвтэй ус гарах, ундны уснаас хлор амтагддаг гэсэн иргэдийн гомдлыг шийдвэрлэхээр холбогдох албаныхан санал бодлоо солилцов.

Хэлэлцүүлэгт БХБ, ЭМЯ, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар, СӨХ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МХЕГ-ын төлөөлөл оролцож буй бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг шийдвэр гаргагчдад хүргүүлэх аж.


МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан, “МХЕГ-аас улсын хэмжээнд хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд жил бүр хяналт шинжилгээ хийдэг. Ундны уснаас зэвтэй ус гарлаа гэсэн гомдлын дагуу манай байцаагчид очиж усны төмрийн агууламжид шинжилгээ хийдэг. Байцаагчдын хийсэн шинжилгээгээр нийслэлийн иргэдийн хэрэглэдэг ундны ус шаардлага хангасан, төмрийн агууламж хэвийн хэмжээнд байгааг тогтоосон. Гэвч орон сууцны хэрэглэгчдийн уснаас зэвтэй ус гарч байна, гэр хорооллын хэрэглэгчдийн уснаас хлор амтагддаг  гэх гомдол ирсээр байгаа. Зэв гарахаа болих хүртэл нь усаа гоожуулж байгаад хэрэглэхээс өөр аргагүй. Зэвний асуудал бол ус дамжуулдаг шугамын насжилт, шинээр барьж буй зарим барилгын шугам хоолой шаардлага хангадаггүйтэй холбоотой. Зэвтэй ус салбар  бүрийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Ус дамжуулах шугам сүлжээг сольсноор зэвтэй ус гаралт зогсоно. Энэ тухай салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцон, холбогдох арга хэмжээг  авна гэдэгт найдаж байна"гэв.

Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй ухсан гүний худгийн асуудлыг хөндсөн. Нийслэлд иргэн, ААН, байгууллагын хувиараа гаргасан 3000 гаруй гүний худаг байдаг гэх албан бус тоо бий. Зарим айлууд гүний худгийг шаардлага хангахгүй газар, бие засах газрын ойролцоо ухдаг нь гүний усыг бохирдуулдаг. Гүний худгаас 50 метрийн зайд ямар нэгэн бохирдуулагч байх ёсгүй хэмээн хуулинд заадаг ч иргэд бие засах газраас 3-5 метрийн зайд гүний худаг ухсан байх нь элбэг тохиолддог гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Энэ нь эргээд халдварт өвчлөлийн суурь болдог. Гүний худаг ухах зөвшөөрлийг тухайн хорооны засаг дарга олгодог бөгөөд зөвшөөрөлгүй гүний худаг ухсан бол булж устгах арга хэмжээ авдаг аж.


Б.Янжинудалам


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ