Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-02 12:17:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Гандийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас нийслэл Улаанбаатар хотын Махатма Гандийн гудамж дахь түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Махатма Гандийн хөшөөний өлмийд энэтхэг заншлаар цэцгийн дэлбээ цацаж, лам нар ном хурав. Түүний хурц тэмцэл, эсэргүүцэл, үзэл бодол, түүнийг дэмжигчдийн хүчээр Энэтхэг улс дэлхийн II дайны дараа бие даасан улс болсон билээ. НҮБ 2007 онд түүний төрсөн өдөр болох 10 дугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний мэндэлсэн өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгож, түүний номлол сургаалийг залуу үедээ таниулахыг зорьдог байна.


Бүгд найрамдах Энэтхэг улсын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П.Мийна хэлэхдээ, “Махатма Ганди бол дэлхий даяар шашин шүтлэг, нас хүйсээр ялгаварлан гадуурхахгүй эрх тэгш байх ёстой гэдэг үзлийг баримталдаг байсан. Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохионо. Ойг угтан Энэтхэг улсаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Энэ арга хэмжээнд зориулан Энэтхэг улсын Нью Дели хотноо Махатма Гандигийн олон улсын хурал болж байгаа. Хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцож байна. Махатма Гандигийн үзэл баримтлал, сургаалийг Ан Сун Су Чин, Нельсон Мандела, Далай лам зэрэг алдартай хүмүүс дэлхий даяар түгээн дэлгэрүүлсэн байдаг” гэв.

Энэ үеэр Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Махатма Ганди зөвхөн Энэтхэг гэлтгүй дэлхийд хайрлагдаж, хүндлэгдсэн агуу зүтгэлтэн, XX зуунд төрсөн суут хүмүүний нэг. Төрийн машин гэсэн хатуу хүчний эсрэг ганцхан хүн хүч үл хэрэглэх аргаар хэрхэн тэмцэж болдгийг гайхалтайгаар үзүүлж чадсан. Мөн маш олон хүний амьдралыг зоригжуулж, утга учиртай, зорилготой байхыг бодитоор харуулж чадсан хүн. Махатма Ганди үйл хөдлөлөөрөө манлайлдаг нэгэн байсан. Үг, үйлдэл хоёр нэг байх ёстой. Харамсалтай нь өнөөдрийн монголд үг нь ихдээд, үйл нь байдаггүй. Үүнээс болоод ард иргэд бухимдаж байна. Махатма Гандигийн бидэнд юмыг битгий хойшлуул, яг одоо ажлаа хий, хүн шиг байхыг сургасан. Аливаа зүйлийг хойшлуулах нь хамгийн том алдаа гэдгийг заасан. Мөн тэрбээр цагаан хоолтон, өөрөө өөрийгөө муу муухай зүйлээс татаж чаддаг байсан. Энэ үйлдлээрээ өөрийгөө засч хүмүүсийн сэтгэлийг татдаг, түүнийг амьд сэрүүн байхад нь Энэтхэгийн хүн ам тэрбум хүрээгүй байсан бол одоо тэрбум 300 сая хүрсэн. Тэр олон хүний сэтгэлийг хурааж чадсан түүхэн онцлогтой. Харин өнөөдрийн монголчуудын сэтгэлийг хэн ч хурааж чадаагүй байна. Энэ хүний сургааль, үйл хэрэг нь одоо ч амьд. Дэлхийн хүнийг дурсах үйл ажиллагаанд оролцож буйдаа баяртай байна” хэмээсэн юм.

Энэ өдөр Энэтхэг улсад Махатма Гандийн дурсгалд зориулан хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хурснаар баярын өдөр эхэлдэг байна. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, улс төрийн бүх гишүүдээс гадна жирийн иргэд оролцдог заншилтай аж. Харин манай улсад 2007 онд түүнд зориулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Махатма Гандийн хөшөө босгосон. Энэ нь манай улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог.

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав, Беларусь, Вьетнам, Куб, Их Британийн Элчин сайдууд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн оюутнууд, Монгол Улсад суугаа Энэтхэг улсын иргэд оролцов.

Холбоотой мэдээ