Ц.Балхаажавын философийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-19 18:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нэрт философич, хүний тухай философийн судалгааг эх орондоо хөгжүүлсэн эрдэмтэн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.


Хурлын үеэр монголын шилдэг философичдын нэг, хүний тухай философийн асуудлуудыг системтэй судалж олон бүтээл туурвисан Ц.Балхаажавын амьдрал, үйл ажиллагаа, зохиол бүтээл, монголын философийн хөгжилд оруулсан хувь нэмрийг эрдэмтэн судлаачид олон талаас нь үзэж судалж, үнэлж дүгнэсэн юм.


Тодруулбал Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн нэрт эрдэмтний амьдрал бүтээлийн талаар танилцуулга илтгэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар “Ц.Балхаажав ба хүний философийн асуудлууд” үндсэн илтгэлг, доктор, профессор, Б.Даш-Ёндон “Монгол хүний чин хүслэнгийн асуудалд” ахмад судлаач, профессор, А.Жамбал “Нэрт философич, профессор Ц.Балхаажавын 1950-иад оны үеийн эрдэм судлал, бүтээл туурвил”, доктор (Sc.D),профессор Ч.Ган-Өлзий “Хүмүүний ахуйн тогтвортой төлөв”, доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү “Доктор, профессор Ц.Балхаажавын бүтээл дэх хүний хөгжлийн асуудал”, профессор Л.Дашням “Хүнээр хүн хийх асуудалд”, профессор Б.Галиндэв “Өнөөгийн монголын оюутан залуучуудын нийгэмшлийн  асуудалд” зэрэг  илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.  


Мөн энэ үеэр их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын багш, судлаачдын нийт 25 илтгэл болон Ц.Балхаажавын найз нөхөд, шавь нарын дурсамж тэмдэглэл, их эрдэмтэнд холбогдох ховор чухал баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.  

Холбоотой мэдээ