Автомат жолоодлоготой такси олон нийтэд үйлчилж эхэллээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2018-12-06 17:02:31

ВАШИНГТОН. /NewYorkPost/. Хэрэглэгчдийн дунд олон арван жилийн турш хүлээлт үүсгэж байсан автомат жолоодлоготой таксиг АНУ-ын “Alphabet” компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч “Waymo” компани үйлчилгээнд нэвтрүүлжээ.


Шинэ төрлийн такси үйлчилгээг 2016 оноос хойш туршилт хийж байсан Аризона муж улсын эргийн дөрвөн хотод нэвтрүүлсэн байна.


Автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд нь дээд тал нь гурван том хүн, нэг хүүхэд тээвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн яаралтай тусламж шаардлагатай үед дугуйны ард байгаа жолооч гарч ирэх ажээ.


Дээрх бүс нутгийн оршин суугчид ухаалаг гар утасны хавсралт ашиглан таксиг дуудаж, төлбөрөө төлөх боломжтой ба уг хавсралтад боломжтой тээврийн хэрэгслүүдийн тоо харагдах гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш туршилтын байдлаар хэрэглэгчдийг үнэгүй хүргэж байсан бол пүрэв гарагаас эхлэн албан ёсоор төлбөр авч эхэлжээ.


Энэ оны гуравдугаар сард “Uber” компани автомат жолоодлого бүхий тээврийн хэрэгслийг турших үеэр явган зорчигчийн аминд хүрсэн хэрэг гарснаас хойш энэ төрлийн технологийг шүүмжлэгчдийн тоо ихээхэн нэмэгдсэн юм.


Waymoкомпани нь автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг сүүлийн арван жилийн турш туршиж байгаа бөгөөд энэ төрлийн автомашиных нь тоо 600 хүрсэн байна. Түүнчлэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүдээрээ АНУ-ын 25 хотод 16 сая гаруй километр замыг туулжээ.


Alphabet” компанийн зүгээс “Waymo” компанид оруулсан хөрөнгө оруулалтын нийт хэмжээгээ олон нийтэд зарлаагүй боловч аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн тооцоолсноор хөрөнгө оруулалтын хэмжээ хэдийнэ нэг тэрбум ам.доллар давсан байна. 

Холбоотой мэдээ