Булган аймагт үйлдвэрлэл өмнөх оныхоос 2,3 дахин нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-08 22:02:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 2,3 дахин өсөх хандлагатай байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий мэдээллээ.

Энэ нь өмнөх жилд гантай байснаас газар тариалангийн үйлдвэрлэл ургац ихээхэн алдаж, ургацын хэмжээ хоёр дахин буурч, гурлын үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэл ихээхэн буурснаас 2017 онд үйлдвэрлэлийн салбарын үр ашиг багассан юм. Харин энэ намар 56,6 мянган тонн үр тариа хураасан нь сүүлийн 20 гаруй жилээс хамгийн өндөр ургац авсан дүнтэй байна.

Тус аймаг 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 291.5 тэрбум төгрөг болж, өмнөх жилээс 4.7 тэрбум төгрөгөөр өсөх тооцоотой байна. Аймгийн боловсруулах аж үйлдвэрийн газрууд 8.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2.3 дахин өсч, борлуулалт 59.9 хувиар нэмэгдлээ.

Мал мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд 674.4 тн мах бэлтгэн боловсруулж, гурил тэжээлийн үйлдвэрүүд 1100 гаруй тонн гурил, 306.2 тонн тэжээл үйлдвэрлэсний дээр талх, нарийн боов, махан бүтээгдэхүүний цех нэгжүүд, ахуйн үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа жигд байлаа гэж аймгийн ЗДТГ дүгнэсэн байна.

Холбоотой мэдээ