П.Байгалмаа:Түүхэн сэдэвт уран бүтээл туурвихад төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-07 22:08:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхэн сэдэвт уран бүтээлийг төрөөс дэмжих шаардлагатайг өнөөдөр болсон “Түүхэн сэдэвт уран зургийн үнэ цэнэ, ач холбогдол” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр  ДДУС-ийн багш доктор /Ph.D/ П.Байгалмаа онцлов.


Тэрбээр, “Түүхэн сэдэвт зураг бол зураачаас маш их ур чадвар, мэдлэг, судалгаа шаарддаг учир тэр бүр зураачид энэ сэдвийг барьж авдаггүй. Түүхэн сэдвээр уран бүтээлээ туурвидаг гарын арван хуруунд багтах зураач бүтээлээ туурвиж байна.  Төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүх агсны бүтээлээс харвал социализмын үед МАХН, МХЗЭ, НАХЯ, Батлан хамгаалах яам зэрэг томоохон байгууллагын тэгш тоот ойг тохиолдуулан төрөөс тухайн байгууллагатай хамтран 

зураачдын дунд бодлогоор түүхэн сэдэвт уран бүтээлийн уралдаан зарладаг байсан. Ингэж л түүхэн сэдвээр зураачид ур чадвараа өрсөлдүүлэн бүтээж тухайн цаг үеийн түүхийг харуулсан сор бүтээлүүд өнөө бидэнд зургаар бичсэн түүх болон үлджээ. Тиймээс цаашид  тодорхой түүхэн цаг үеийг сонгон төрөөс бодлогтотойгоор захиалга болон уралдаан зарлаж бүтээл туурвилыг нь үнэлэн  дэмжих шаардлагатай байна. Өнөөдөр улсаас бодлогын чанартай ямар ч ажил зохион байгуулдаггүйгээс гадна БСШУСЯ-нд дүрслэх урлаг хариуцсан мэргэжилтэн байдаггүй. Тиймээс манай сургуулиас санаачлан МУЭ, "Өв монгол" реалист зураачдын холбоо, уран бүтээлчидтэй хамтран төрийн бодлогын хэмжээнд түүхэн сэдэвт бүтээл туурвих ажлыг эхлүүлэхийг зорьж байна" гэв.

Хэлэлцүүлэгт Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, доктор, дэд профессор Н.Ганбат  “Монголын түүх уран зурагт тусгалаа олсон нь”, СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн Баримлын урлагийн тэнхимийн багш, доктор /Ph.D/ С.Бадрал “Түүхэн сэдэвт уран зургийн үнэ цэнэ, ач холбогдол”, Мөн сургуулийн Уран зургийн тэнхимийн багш Г.Лхагвасүрэн “Монгол Улсын Төрийн шагналт зураач, багш Б.Пүрэвсүхийн уран чадвар, туурвил зүй” сэдвээр илтгэл тавьсан юм. 


Б.Пүрэвсүх зураачийн анхны шавь нарын нэг Г.Лхагвасүрэн ярихдаа, “Багш маань Монголын урлаг, уран зургийн түүхэнд ямар том мөр үлдээсэн нь түүний түүхэн реалист уран зургийн бүтээлүүдээс харагдана. Энэ хүн бол миний амьдрал, уран бүтээлд хүчтэй нөлөөлсөн. Тэрээр унаган авьяастай, дээр нь О.Цэвэгжав, Д.Амгалан, Б.Чогсом багш нарынхаа авьяасыг өвлөж, хөгжүүлж өөрийн болгож чадсан. Мөн түүх шастир, монгол оюун ухаанаар өөрийгөө гайхалтай цэнэглэсэн сэхээтэн. Манай багш түүхийг өөрөө тээж, түүхэн хувь тавиланг үүрч төрсөн хүн гэж боддог. Ур чадвар, бичилтийн онцлог үнэхээр гайхалтай бийрний нарийн төгсгөл үзүүрээс барьдаг учир зотон дээр бийрийн чөлөөтэй хөдөлгөөн бичилт гардаг. Өөрийн сэтгэл хөдлөлийг чөлөөтэй илэрхийлж туурвидгаас нь харахад бийрний барилтад нь их увидас оршиж байжээ хэмээн боддог. Бийрний барилт нь хүртэл бичилттэй холбоотой, сэтгэл зүрхэнд нь оволзож буй асар их хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлэхэд зохимжтой байсан болов уу. Мөн өнгө будгийн хувьд асар мэдрэмжтэй. Манай багш их холын холоос түүхэн болон суурь уран зургийг гүнд нь ортол мэдэрч, тээж авчирч, өөртөө шингээн өөрийнхөөрөө хөгжүүлж боловсруулан Монголын дүрслэх урлагт түүхэн реалист уран зургийн гайхамшигтай өнгө будаг, зохиомж, үйл хөдөлгөөн, итгэл үнэмшлийг авчирсан учраас багшаараа бахархдаг” гэв. 

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Б.Пүрэвсүх зураачийн түүхэн сэдэвт бүтээлүүд болон гэр бүлийн архивт хадгалагдаж буй "Мандхай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны эскиз зургуудаар үзэсгэлан гаргасан байлаа. Үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Нээлттэй хэлэлцүүлэгт Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа, СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал доктор, дэд профессор Д. Уранчимэг, МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, зураач уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутнууд оролцов.

Холбоотой мэдээ