Дорнод-Дорноговь аймгийн хооронд нийтийн тээвэр үйлчилж эхлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-01-04 11:14:36

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэв. Дээрх аймгуудын Засаг дарга нарын хамтын ажиллагааны гэрээний дагуу өнгөрсөн оны 11-р сараас эхлэн туршилтаар автобус явуулж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс албан ёсоор тээвэрлэлт эхэлж байна.

Дорнодоос Замын-Үүд, Эрээнийг чиглэсэн хөдөлгөөн их байдаг. 800 гаруй км-ийн зайд иргэд голдуу хувийн унаагаар эсвэл Улаанбаатараар дамжин вагоноор Дорноговь аймагт хүрдэг байсан. Харин өнөөдрөөс эхлэн “Дорнын тэнхлэг” компани 45 хүний суудалтай автобусаар долоо хоногт хоёр удаа дээрх чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлснээр иргэд амь насны даатгалтай, тохь тухтай унаагаар зорчих боломж бүрдэж байна.

Дорнод-Замын-Үүд чиглэлд даваа, пүрэв гарагт 15.00 цагаас, Замын-Үүд-Дорнодын чиглэлд даваа, лхагва гарагт 19.00 цагаас үйлчлэх юм. Харин том хүн нэг талдаа 51.500 төгрөг, наймаас дээш насны хүүхэд 26.000 төгрөгийн тарифтай аж.

Өнгөрсөн жил Чойбалсан-Манжуур, Дорнод аймгийн Баян-Уул сум-Улаанбаатар хооронд зорчигч тээврийн үйлчилгээг нээж байсан бол оны эхэнд нийтийн тээвэрт шинэ чиглэл ийн нэгээр нэмэгдлээ. 

Холбоотой мэдээ