Туркууд Монголчуудад туслах аян зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРТурк Улс нь Турк-Монголын Боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэгээр дамжуулан Монголын ард түмэнд 400 тонн нүүрс тараах тусламжийн аяныг зохион байгууллаа.
Энэ хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүрэгт болсон ёслолын арга хэмжээнд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз болон нийслэлийн ЗДТГ, Баянзүрх дүүргийн удирдлага, бусад албаны хүмүүс оролцлоо.
Элчин сайд Мурат Карагөз энэ үеэр хэлсэн үгэндээ "Турк-Монголын Боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэг болон тус ЭСЯ-ны Нийгмийн бодлого хариуцсан зөвлөхийн хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь ах дүүгийн түүхэн харилцаатай хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үйлс боллоо" хэмээн онцлов. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Тэр утгаараа хаврын урт өдрүүдэд монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаа туркийн ард түмэнд талархаж байна" хэмээсэн юм.
Дээрх нийгэмлэг нь Сонгинохайрхан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий болон Ховд аймагт дээрх тусламжийн аяныг үргэлжлүүлэх аж.