Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдууд, байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүнүүдийг хүлээн авав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-02-07 13:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн хоёрны өдөр Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав.

Хүндэт төлөөлөгчдийг Төрийн ордны Өргөө гэрт угтан авч, төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэн мэндчиллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “…Монголын Цагаан сар бол хаврыг угтах баяр, урин цагийн бэлгэдэл байдаг. Урин цаг ирж байна. Манай улсын гадаад харилцаа ч гэсэн Та бүхний идэвхи оролцоогоор илүү найртай сайхан болно гэдэгт итгэлтэй байна. 


Ирж байгаа гахай жилд миний бие хөрш хоёр улсууд болон Европын бусад орнуудаар албан ёсоор айлчлахаар төлөвлөж байна. Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, ХАА-н түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Та бүхнийг дэмжин ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын хамгийн ахмад нь болох Дипломат корпусын тэргүүн, ноён Элчин Калыбек Кобландин талархал илэрхийллээ.


Ноён Калыбек Кобландин дипломат корпусын нэрийн өмнөөс Цагаан сар, гахай жилийн мэндийг хүргээд, Монголын ард  түмэнд хөгжил, цэцэглэлтийг хүсэж байна хэмээн ерөөв. Мөн энэ жил Монгол Улсын төр засаг, эдийн засгийн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ, ард иргэдийн аж байдал дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүрийн Цагаан сарын үеэр зохион байгуулахаар тогтож буйд дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид талархалтай хандаж буйгаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ