Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гарреттийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд манай ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, Монгол Улс сонгосон ардчиллаа улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.
Ноён Гаррет Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр мөн тус байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн Сайд нарын хурлыг 2020 онд Бухарест хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулав.