Баян-Өлгийд сургууль, цэцэрлэгүүдийн стандартын шаардлага хангаагүй худгуудыг хааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-04 22:36:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдийн стандартын шаардлага хангахгүй худгуудыг хаах арга хэмжээ авч байна.

Уг асуудлаар тус газрын дарга Б.Мухамедээс тодруулахад: "Сургууль, цэцэрлэгүүдийн усны хангамж стандартын дагуу 40 метрээс гүн гүний худагтай эсвэл цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон байх ёстой. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд боловсролын байгууллагуудын усны хангамжид шалгалт хийлээ.

Шалгалтын явцад аймгийн хэмжээнд 60 гаруй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа худгийн судалгааг гаргасан. Судалгааг үндэслэн хөрсний ус ашиглаж байгаа Өлгий хотын нэг сургууль, нэг цэцэрлэг, хөдөө сумдын 21 сургууль,  цэцэрлэгийн худгийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Тухайн худгууд нь 1-10 метрийн гүнтэй. Мөн долоон сургууль голын усыг зөөж хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Хөрсний усанд шинжилгээ хийхэд янз бүрийн хэмжээгээр нянгийн бохирдолтой гарч байгаа. Үүнтэй холбогдуулан байгууллагуудын удирдлагуудад стандартын шаардлага хангасан гүний худагтай болох албан шаардлага хүргүүлээд байна" гэлээ.   

Харин аймгийн удирдлагын зүгээс мэргэжлийн байгууллагын дээрх саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгүүдийг ундны усны баталгаат эх үүсвэртэй болгоход шаардагдах зардлын тооцоог гаргаж, арга хэмжээ авахыг сумдын удирдлага болон бусад холбогдох байгууллагад өгөөд байна.

Холбоотой мэдээ