Монгол, Казахстаны Биеийн тамир, спортын газар хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-03-05 10:26:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Биеийн тамир, спортын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц энэ  сарын 4-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиевтай Астана хотноо уулзахдаа уг санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Казахстаны тамирчид өвлийн спортын төрлөөр амжилт гаргаж байгаа талаар дурдаж, дээрх төрлөөр хамтарсан сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга С.Сапиевыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Казахстан Улсын Соёл, спортын яамны Биеийн тамир, спортын хорооны дарга Серик Сапиев Монголын жудо, бокс, буудлагын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх, хамтран дасгалжуулагч бэлтгэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ