Сургуулиудад сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 14:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Засгийн газраас дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгав. 

Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг өмнө нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс орсон орлогоос санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт зөвшөөрөв.

Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувь дааж байхаар Засгийн газар 2009 онд шийдвэрлэсэн. Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна.

Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхийн идэвх санаачилга, худалдан авах чадвар сул зэргээс болж сурах бичгийн борлуулалт, худалдан авалт хангалтгүй байна. Тодруулбал, зах зээлд нийлүүлж байгаа сурах бичгийн 16.5 хувийг л борлуулдаг гэсэн судалгаа гарчээ.


Холбоотой мэдээ