УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 14:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.06/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлэн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар, "Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг гэлээ. Хэдийгээр манай улсын эдийн засаг сэргэж байгаа ч бидний өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол юм. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглох тул энэ жил агаарын бохирдол дор хаяж 50 хувиар буурна гэсэн тооцоо байгаа. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргах хэрэгтэй гэж үздэг. Турк Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Хоёр талын өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлснээр хоёр талын харилцааг өргөжүүлнэ" гэлээ. 

Элчин сайд Ахмет Язал Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хоорондох худалдааны эргэлт энэ жил нэмэгдсэнийг тэмдэглээд хоёр тал хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа, хэлэлцээ эхэлсэн төдийгүй дараагийн уулзалт удахгүй болно хэмээв. Түүнчлэн хоёр талаас иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд ирэх зургадугаар сард тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар дурдаж, энэхүү ой болоод түүхэн үйл явдлыг тохиолдуулан Турк Улсын Үндэсний Их Хурлын даргыг Монгол Улсад айлчлахыг урилаа.

Холбоотой мэдээ