"Буриадын үнэн" сонин МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-03-07 17:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад улсын "Буриадын үнэн" сонины эрхлэгч К.Ш.Баир МОНЦАМЭ агентлагт өнөөдөр зочилж, цаашид мэдээ мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнийг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд хүлээн авч уулзан санал солилцож, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


"Буриадын үнэн" сонин нь Монголын талаарх мэдээллийг МОНЦАМЭ агентлагаар дамжуулан монгол, орос хэлээр авах сонирхолтой байгаа юм байна. Түүнчлэн Монгол дахь буриадуудын амьдрал ахуй, өв соёлыг сонирхож, буриадууд олноор амьдардаг Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага болон МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч нартай холбогдох санал тавилаа.


Тус улсад буриад хэлээр хичээллэдэг хоёр сургууль байдаг бөгөөд монгол бичиг сурах хүсэлтэй, сурагч, багш цөөнгүй тул МОНЦАМЭ агентлагаас монгол бичгээр эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонинтой ч холбоотой ажиллаж болох саналаа тус сонины редакцтай танилцахдаа хэлэв. "Новости Монголии" сонины редакид зочилж, тус сонины Хариуцлагатай редактор Ю.Дэлгэрмаатай уулзан хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. 


"Буриадын үнэн" сонин нь орос хэлээр долоо хоногт хоёр удаа, буриад хэлээр нэг удаа хэвлэгдэн гардаг юм байна. Мөн уран зохиолын "Байкал" сэтгүүлийг хавсралтаар улиралд нэг удаа гаргадаг аж.



Холбоотой мэдээ