Авто тээврийн үзлэг, оношилгоонд нийт машины 15 хувь нь оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-07 17:41:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт авто тээврийн үзлэг, оношилгоонд 16 мянган тээврийн хэрэгсэл хамрахаас өнөөдрийн байдлаар 2547 нь техникийн бүрэн бүтэн байдлаа оношлуулжээ.

 

Эхний гурван сарын байдлаар 10 гаруй аж ахуйн нэгж болон “Эрдэнэт үйддвэр” ХХК-ийн машин, техникүүд үзлэгт бүрэн орсон байна. Энэ сард нийтийн тээвэр болон такси үйлчилгээний машинууд оношилгоонд орно гэж Авто тээврийн Үндэсний төвийн ажилтан хэллээ. Нийтийн тээвэр болон такси үйлчилгээнд явж буй машин, техникүүдийг жилд хоёр удаа шалгадаг аж.

 

Харин ирэх тавдугаар сараас хувийн авто машинуудыг үзлэгт хамруулах ажээ. Авто тээврийн үзлэг оношилгоонд мотоцикл, чиргүүлээс 11 мянга, суудлын авто машинаас 22 мянга, ачааны авто машинаас 33 мянган төгрөгийн төлбөр авдаг байна. Хэрэв иргэд, аж ахуйн нэгж хуулийн хугацаандаа авто машин, техникийнхээ бүрэн бүтэн байдлыг оношлуулаагүй бол хувь хүнийг 50 нэгж, аж ахуйн нэгжийг 250 нэгжээр торгодог байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд 17200 тээврийн хэрэгсэл үзлэгт хамарч замын хөдөлгөөнд оролцжээ.  

 

 

Холбоотой мэдээ