Хяналтын пост таван цэгт ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-11 20:44:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар усны гарвалтай осол эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 10-наас ирэх сарын 10 хүртэл аймгийн хэмжээнд Хөвсгөл нуурын болон бусад гол мөрний мөсөөр зорчих явдлыг хориглосон. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Ханх, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ сумын нутагт тус бүр нэг, Хатгал тосгонд хоёр нийт 5 цэгт хяналтын пост ажиллаж эхэллээ.  

Мөн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас жолооч зорчигч нарт санамж тарааж мөсөн замаар зорчихгүй, баталгаат замаар зорчиж байхыг анхааруулан орон нутгийн хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэв. Энэ өвлийн цаг уурын байдлаас шалтгаалан гол мөрөн, нуур цөөрөм бүрэн гүйцэд хөлдөөгүй, Хөвсгөл нуур нь бүрэн хөлдсөн үедээ ч хар, цагаан хил байнга гарч байдгаас иргэд, зорчигч, тээврийн хэрэгсэл, зам товчлохоор баталгаагүй зам гарц, мөсөн замаар зорчин явж, амь нас, эрүүл мэнд, тээврийн хэрэгслээ эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас гол мөрнөөр зорчихыг хориглосон ажээ.

Холбоотой мэдээ