“Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөрт Орхон аймаг 50 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-14 11:39:47
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батлут Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Филип Ийвэртыг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр Орхон аймаг тус байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр болж аймгийн төсвөөсөө 50 сая төгрөг зарцуулах болсоноо мэдээллээ. Урьд жилүүдэд дээрх хөтөлбөр нь гадаадын иргэдийн сайн санааны хандиваар санхүүждэг байсан бол одооноос Монголын хандивлагч иргэдийн хөрөнгөөр хэрэгжихээр болсон бөгөөд Орхон аймаг санхүүжилтэд нь дэмжлэг болгож дээрх мөнгийг өгч байгаа юм.

Мөн уулзалтын үеэр Орхон аймаг тус байгууллагатай “Гамшигт тэсвэртэй хотууд”  өслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөл нь Дэлхийн зөн ОУБ болон USAID байгууллагын 380 мянган  ам. долларын санхүүжилттэйгээр хэрэгжинэ. Нийслэлийн есөн дүүрэг, есөн хороо, Орхон аймгийн дөрвөн байгууллага, зургаан багт хэрэгжинэ. Төсөл 2020 оны есдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж тус байгууллагын ажилтан М.Аззаяа ярилаа. 

Төсөл хэрэгжсэнээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах цаашлаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад түлхэц болно гэж үзэж байгаа аж. Дэлхийн зөн ОУБ нь Орхон аймагт 2001 оноос “Эрдэнэт” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 20 мянга гаруй хүүхэд, 35 мянга гаруй насанд хүрэгчдэд шууд болон шууд бусаар хүрч ажилласан гэж тус байгууллагын тайланд дурдсан байна. 

Холбоотой мэдээ