Эх болсон босоо монгол бичгийг нийтээрээ сурч, эзэмших хөдөлгөөн өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-14 22:39:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Баянжаргалан сумын төрийн албан хаагчид эх болсон босоо монгол бичгийг нийтээрээ сурч, эзэмших хөдөлгөөн өрнүүлж, 98 албан хаагч идэвхтэй оролцож байгаа ажээ.  

Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Хэлний бодлогын салбар зөвлөл”-ийг байгуулж, монгол хэл бичгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх харилцааг зохицуулахыг үүрэг  болгосон байна.

Тус салбар зөвлөлөөс монгол бичгээрээ бахархах бахарлыг бий болгох зорилго тавин, төрийн албан хаагчдад сургалт явуулж, бие даан унших, бичих дадлага хийлгэж, “Босоо монгол бичгээр хэн хамгийн сайхан бичих вэ?” уралдаан зарлажээ.

Тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор үндэсний монгол хэл бичгийг сурах, түгээн дэлгэрүүлэх ажлыг төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхийг даалган сумдын Засаг дарга, хэлтэс агентлагийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн нь ийнхүү Баянжаргалан суманд хэрэгжиж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ