Ариутгасан багаж материалын бүрэн бүтэн байдал алдагдсан зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-15 16:05:51

Хөвсгөл МОНЦАМЭ. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн хувийн таван эмнэлэгт эмчилгээний чанар, эм биобэлдмэлийн чанарын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.  

Шалгалтын явцад илэрсэн нийт 30 зөрчлийн 4 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар 27 заалт бүхий 3 албан шаардлагыг 3 эмнэлэгт өгчээ.

Эмчилгээний чиглэлээр хийсэн хяналт шалгалтаар үйлчлүүлэгчдэд өвчнөөс сэргийлэх, зөв дадалд сургах, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийж, хяналтад авах, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, үр дүнг тооцож ажилладаггүй, үйлчлүүлэгчийн эмнэлзүйн үзлэг оношилгоо эмчилгээг эмчийн үзлэгийн бүртгэлд бүртгэн ажилладаг боловч хяналтын картад бүрэн тэмдэглэж ажилладаггүй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо, хүчин чадал, аюулгүй ажиллагааны заавар, текникийн паспорт, шалгалт тохируулгад хамруулсан баталгаажуулалт байхгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Эм биобэлдмэлийн чиглэлээр яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүй, эмнэлгийн хэрэгслийг эмчийн гар дээрээс худалдан борлуулдаг, эмнэлгийн хэрэгслийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй жорын маягтаар хангагдаагүй болон үйлчилдэггүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр хог хаягдлын уут, савыг байршуулсан газарт ангилан ялгалтын заавар байрлуулаагүй, ангилан ялгалтыг зааврын дагуу зөв цуглуулдаггүй, үзлэгийн, эмчилгээний зэрэг өрөө болон ариун цэврийн өрөөнд мэдрэгчтэй эсвэл хөл тохойг ашиглан нээж хаах ажиллагаатай гар угаалтуураар хангагдаагүй, ажилтныг жил бүр сүрьеэ, вируст гепатит В,С илрүүлэх шинжилгээнд хамруулж холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй, ариутгасан багаж материалын бүрэн бүтэн байдал алдагдсан, ариун материалыг зориулалтын шүүгэнд хадгалаагүй байгаа зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ