Т.Аюурсайхан: С.Баярцогтын дансны хуулгыг АТГ-т хүргэх ажлыг түргэсгэхийн төлөө ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-19 15:30:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны хуулгыг лавшруулан шалгавал, Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудалд өөр эзэн холбогдогч илэрч болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр мэдэгдэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй долоон гишүүн Швейцар улсад ажлаар айлчилж, энэ сарын 15-нд ирсэн. Айлчлалын хүрээнд, тус улсын “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын еврогийн хоёр, долларын гурван дансны 2008.09.30 – 2013.11.30 хүртэлх гүйлгээний хуулгыг хүлээн авсан тухай айлчлалын багийн гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм.

Тэрбээр, “Миний бие Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд, Швейцар улсад тодорхой зорилгоор айлчлах хүсэлтээ УИХ-ын даргад тавьснаар, айлчлалын багт орсон. Гэхдээ иргэн С.Баярцогтын дансны хуулгыг ил болгох нь айлчлалын хөтөлбөрт тусгагдаагүй юм. Энэ бол АТГ, Прокурор, Швейцарын хуулийн байгууллагын албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд гарсан ахиц гэдгийг цохон тэмдэглэмээр байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд, хуулийн байгууллага ажлаа явуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах ёстой. Тиймээс 2017 оноос хойш тус банкинд албан бичиг хүргүүлсний үр дүнд, С.Баярцогтын дансны хуулгыг Швейцарын тал, ГХЯ-аар дамжуулан, АТГ-т албан ёсоор хүргүүлэхээр болсон юм. Айлчлалын үеэр, тус банкны төлөөлөгчтэй уулзахад, дансны хуулга хүлээлгэж өгөхөөс гадна, бүх төрлийн нэмэлт мэдээлэл гаргаж өгөхдөө бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Одоогоор АТГ-т С.Баярцогтын дансны хуулга нь ирээгүй байгаа юм байна. Тиймээс С.Баярцогтын дансны хуулгыг АТГ-т хүргэх ажлыг түргэсгэхийн төлөө ажиллана. Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл гүйлгээ хийгдсэн байгаа юм. Энэ хугацаанд тэрбээр Сангийн сайд, УИХ-ын даргын алба хашиж байсан. “Оюутолгой”-н гэрээг 2009 оны аравдугаар сард хийсэн тул, дансны хуулгыг сайн шалгавал, "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой өөр эзэн холбогдогч илэрч магадгүй юм. Хуулийн байгууллага шалгах учир, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хуулийн байгууллагын ажиллагаанд УИХ-ын талаас хяналт тавьж ажиллана" гэв.

Холбоотой мэдээ