Дарханы замыг шинэчлэх хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдвэрлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-21 15:59:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар,  Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өргөтгөн дөрвөн эгнээ болгох ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.


Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх юм. Замын барилгын ажлыг богино хугацаанд хийх зорилгоор тоо хэмжээ, цар хүрээгээр нь багц болгон хувааж, гүйцэтгэгч, зөвлөхийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланд даалгав. Түгээмэл тархацтай ашигт малтал хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, замын зурваст орсон шугам сүлжээ, кабель зэргийг шилжүүлэх, хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмч хөрөнгийг шилжүүлж газар чөлөөлөх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлаг, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд ирэх сараас дөрвөн эгнээ болгон өргөтгөж эхлэхээр төлөвлөөд байна.


Мөн “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцуулав. Хуралдаанаар уг замын зурваст орсон цахилгааны шугам, холбооны кабель, цэвэр, бохир усны шугам сүлжээг шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, замын инженерийн нарийвчилсан зураг төсөлд оруулах,  түр замын ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн богино хугацаанд гүйцэтгэхийг холбогдох сайд, агентлаг, нийслэлийн удирдлагад үүрэг болгов. Мөн Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулан ажиллуулахаар шийдвэрлэлээ. Дээрх чиглэлийн замыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ