БНХАУ-ын хоёр компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-22 12:57:01

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчихөд хүргэсэн хэрэгт холбогдуулан БНХАУ-ын тээврийн хоёр компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан байна.


АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, БНАСАУ-ыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох хүртэл тус улсад шахалт үзүүлэх зорилготой хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн үзсэний улмаас “Dalian Haibo болон Liaoning Danxing компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан ажээ. Тус хоёр компанийг БНАСАУ руу нүүрс болон боловсруулсан нефть экспортолсон хэмээн буруутгаж байгаа юм.


Өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсний дараа дээрх явдал болсон юм.


БНАСАУ 2017 онд цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн туршилт явуулсантай холбогдуулан НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсны дунд боловсруулсан нефть болон нүүрсний экспортын хориг багтдаг билээ.


Сангийн яамнаас гаргасан мэдээлэлд тэмдэглэснээр, БНАСАУ-ын боомтуудад өнгөрсөн онд 263 тээвэрлэгч хөлөг онгоц хүрсэн аж. Эдгээр тээвэрлэгчийг бүгд дүүрэн байсан хэмээн үзвэл БНАСАУ нэг жилд 3.78 сая торх буюу НҮБ-ын тогтоосон хэмжээнээс 7.5 дахин их хэмжээний боловсруулсан нефть экспортолжээ.


Хориг арга хэмжээ авсан компаниудын АНУ дахь хөрөнгийг битүүмжилнэ. 

Холбоотой мэдээ