“Хаадын тоглоом” цувралын гол дүрийн жүжигчин тархины мэс засалд орж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-22 13:48:11

ВАШИНГТОН. /AP/. “Хаадын тоглоом” цуврал киноны гол дүрийн жүжигчин Эмилия Кларк цувралын хооронд тархины мэс засалд орж байсан тухайгаа олон нийтэд анх удаа дэлгэжээ.


АНУ-ын “New Yorker” сэтгүүлд пүрэв гарагт гарсан нийтлэлд дурдсанаар, Э.Кларк тархины судасны цүлхэн буюу аневризмээр өвчилж байсан аж. “Хаадын тоглоом” цувралд Дейенерис Таргариений дүрийг бүтээдэг тэрбээр тархины мэс засалд хоёр удаа орж байсан байна.


Амиа алдаж ч магадгүй нөхцөл байдалд байснаас үл хамааран түүний бие одоо бүрэн эдгэрчээ. Английн зүүн өмнөд нутгийн Оксфорд хотоос гаралтай Э.Кларк нь “Хаадын тоглоом” цувралд залуу гүнжийн дүрийг бүтээдэг билээ.


Эмч нар түүнийг тархины судасны цүлхэнтэй хэмээн 2011 онд оношилсон ба энэ өвчнөөр өвчлөгсдийн гуравны нэг нь ойрын хугацаанд нас барах магадлалтай байдаг аж. Тэрбээр нэг болон хоёрдугаар цувралын хооронд эхний мэс засалдаа орсон байна. Киноны зураг авалтын зарим үеэр түүний толгой эргэж, бие нь сулардаг байжээ.


2013 онд Нью-Йорк хотноо нэгэн жүжигт тоглохоор бэлтгэж байх үеэр түүний тархины өөр хэсэгт дээрх өвчин дахин илэрсний улмаас тэрбээр хоёр дахь удаагаа мэс засалд оржээ. Э.Кларк одоо эрүүл саруул болсон бөгөөд тэрбээр тархины өвчний улмаас шаналж буй хүмүүст туслах сан байгуулахад гар бие оролцсон байна. 

Холбоотой мэдээ