Малчны хотонд төлийн дуу цангинаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-03-22 10:06:25

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн 1000-т малчин Д.Энхбатынх сумын төвөөс баруун тийш 40 орчим км-т хаваржиж байна. Тэднийх бог малаа нутагтаа үлдээж бод малтайгаа зэргэлдээх Сайхандулаан сумын нутагт отроор өвөлжиж цагаан сарын дараахан нутагтаа иржээ. 

Зундаа бороо орж зуншлага сайн байснаас гадна малдаа тарга тэвээрэг сайн авахуулж, отрын нутгаа эртхэн сонгосон  учир өвлийн хүйтнийг ажралгүй давсан аж. Хүүгийнхтэйгээ айл хаваржиж буй тэднийх 1000 гаруй малтай бөгөөд энэ жил 500 гаруй төл мал хүлээн авахаас 50 орчим хувийг нь төллүүлээд байна. “Энэ жил цас ихтэй, хүйтэн хүндхэн өвөл боллоо. Гэхдээ манайхны мал жилбэтэй орсон. Хонь, ямаа ихэрлэх нь урьд жилүүдээс харьцангуй бага байна” гэв. Тэрээр аймгийн сайн малчин бөгөөд малаа голдуу морь тэмээгээр малладаг уламжлалт өв соёлоо авч үлдээж яваа нутгийн хашир малчдын нэг юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ