Иранаас нефть импортолдог орнуудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-22 09:59:34

ВАШИНГТОН. /VOA/. "Япон, БНСУ, Турк зэрэг таван улс Иранаас нефтийн бүтээгдэхүүн үргэлжлүүлэн импортлох аваас тус улсуудын эсрэг хориг арга хэмжээ авна" гэж АНУ-ын эрх баригчид өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Тэдгээр таван орон ирэх тавдугаар сарын 2 гэхэд импортоо зогсоохгүй бол хориг арга хэмжээнээс чөлөөлөхгүй тухай Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт мэдэгдэхээр төлөвлөж байгаа ажээ. Бусад хоёр орон нь БНХАУ болон Энэтхэг юм.


Тус таван оронд худалдан авалтын хэмжээгээ бууруулах нэмэлт хугацаа олгох эсэх хийгээд Иранаас нефть импортлохоо зогсоохгүй тохиолдолд тавдугаар сарын 3-наас эхлэн хориг арга хэмжээ авах эсэх нь хараахан тодорхойгүй байна.


Ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээнээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авсны дараа тус улсаас нефть импортолдог найман оронд эрчим хүчний бүтээгдэхүүний өөр эх үүсвэр олох хугацаа олгосон билээ.


Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш уг найман орны гурав нь буюу Итали, Грек, Тайвань Иранаас нефть импортлохоо зогсоожээ. Харин бусад таван орны хувьд Ирантай хийж буй худалдаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ