МСНЭ “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ олон улсын байгууллагын удирдах зөвлөлд ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-04-25 21:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.


БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Бүс ба Зам” санаачилгад 2013 оноос хойш 150 гаруй улс нэгджээ. Тус санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэх зорилгоор “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ олон улсын байгууллагыг байгуулсан бөгөөд 82 орон нэгдээд буй юм. Тус байгууллагын нэгдсэн форум энэ сарын 23-нд Бээжин хотноо болж, 25 улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс бүрдсэн Удирдах зөвлөлөө байгуулжээ. Мөн үеэр Удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаа хийсэн бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг дэмжих үүднээс гурван улсын Хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах саналтай байгаагаа танилцуулсан байна. Энэхүү санаачилгаа тэрбээр 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болсон Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форумын үеэр анх зарлаж байсан юм. Түүний санаачилгыг “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөл таатай хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.


Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд МСНЭ, БНХАУ-ын Синьхуа мэдээллийн агентлаг, ОХУ-ын Российская газета, Францын “La Provence” , БНКазУ-ын “Казинформ” олон улсын мэдээллийн агентлаг, Узбекистаны үндэсний мэдээллийн агентлаг зэрэг орон орны хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгчид багтжээ.

Холбоотой мэдээ