Хятадын ГХЯ: Татварыг нэмэгдүүлэх нь ямар ч асуудлыг шийдвэрлэхгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-05-07 19:17:31

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 10-наас Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлнэ хэмээн өнгөрөгч ням гарагт мэдэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, өнөөдөр болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр тус яамны албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан хэлэхдээ “Хятад улс харилцан хүндэтгэлтэй хандаж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим нь хэлэлцээр хийх үндсэн нөхцөл хэмээн үзсээр ирсэн. Татварыг нэмэгдүүлэх нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй” гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Хэлэлцээр гэдэг бол хэлэлцүүлгийн үйл явц. Талууд зөрөлдөх бол хэвийн зүйл. Хятадын тал хэлэлцээг үргэлжлүүлэх чин хүсэлтэй байна” гэв.

Хятадын төлөөлөгчид энэ долоо хоногт Вашингтон хотод хүрэлцэн очиж, энэ сарын 9-10-нд АНУ-ын талтай зөвлөлдөх уулзалт хийх юм.

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ