Геодези, зураг зүйн салбарын ажилтнууд Төрийн ордонд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-04-29 17:13:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран зохион байгуулах “Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвлөгөөн” маргааш /2019.04.29/ Төрийн ордонд болно.


Геодези, зураг зүйн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, ялангуяа Монгол Улсын хилийг зураглах, хилийн баганын солбицлыг геодезийн аргаар тодорхойлж улс орныг батлан хамгаалж, аюулгүй байдлыг хангадаг. Мөн байгаль орчин, ХАА, геологи, уул уурхай, зам тээвэр, барилга, хот байгуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын төлөвлөлт, ашиглалтад суурь газрын зураг, орон зайн мэдээллийн санг бүрдүүлдэг. Хэмжил зураглалт, хяналтыг гүйцэтгэдэг 200 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй, салбарын хэмжээнд 2000 гаруй ажилтан, албан хаагчтай томоохон салбар билээ.


Уг зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн М.Билэгт, С.Бямбацогт, Засгийн газрын гишүүд, БХБ-ын Дэд сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон тус салбарын 300 гаруй төлөөлөгч оролцоно.


Тус зөвлөлгөөнөөр Геодези, зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, тус салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар БХБЯ-наас танилцуулна. Мөн салбарын хөгжлийн чиг хандлага болон салбарын ААН-үүдийн өнөөгийн байдал, чадавхыг дээшлүүлэх шаардлага, үнэлэмжийн талаар цөөнгүй илтгэл тавьж тодорхой мэдээлэл өгөх юм. Мөн үзэсгэлэн гаргана.


Зөвлөлгөөнөөр “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм.

Холбоотой мэдээ