Авто замын гэрлэн дохио, хяналтын камерын ажлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-06 13:30:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч. Улааныг хүлээн авч, газрын үйл ажиллагаа болон цаашид зайлшгүй  шийдвэрлэх асуудлуудаа танилцууллаа. Улмаар аймгийн төвийн авто замын гэрлэн дохио, камержуулалт болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд газрын хүний нөөцийг нэмэгдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Авто машины парк шинэчлэл, шинэ конторын барилгын ажлыг эхлүүлэх, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах түр байр барих, алба хаагчдын орон тоог нэмэгдүүлж, төв замын хяналтыг тогтмолжуулах, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд тус цагдаагийн газарт тулгамдаж буй асуудал их бий. Энэ бүгдийг нэг дор шийдвэрлэх боломжгүй ч тойргоос сонгогдсон гишүүний хувьд ард иргэд аюулгүй, амар тайван орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө дээрх асуудлуудыг анхааралдаа авахыг Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Лхагвасайхан уламжиллаа.

Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч. Улаан, нөхцөл байдлыг сонслоо. Улс орны эдийн засаг сэргэж байна. Үүнийгээ дагаад аймаг орон нутгуудад орох хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Зөвхөн Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалт өмнөх оноос долоо дахин нэмэгдсэн. Тэгэхээр орон нутагтаа зарим асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэсэн үг. Тойргийн гишүүний хувьд авто замын хяналтын камер, гэрлэн дохионы ажлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхийн төлөө хичээн ажиллая. Бусад асуудлыг өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэв.

Уулзалтын үеэр аймгийн гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тус аймагт он гарсаар эхний нэгдүгээр улирлын байдлаар 136 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 34,5 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас найман хүн нас барсан нь мөн л өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа малын хулгайн гэмт  хэрэг тогтмол өсч, энэ төрлийн гэмт хэрэг бүлгийн зохион байгуулалтад орсон. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг онцлов. Цаашлаад Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт малын хулгайн тасагтай болох шаардлагатай. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ганцхан байцаагчтай, маш их ачаалалтай ажиллаж байгааг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ