Тайванийн төлөөлөгчийн газар Ховд аймагт 100 гаруй эмнэлгийн ор бэлэглэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-08 11:33:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газар 100 гаруй эмнэлгийн ор болон бусад эмнэлгийн хэрэгслийг Ховд аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төв болон зарим сумдын нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ. Алсалсан орон нутгийн ард иргэд Тайванийн тусламжийн үр нөлөөг ийнхүү хүртэв.

 

Тайвань дахь Монголын соёлын нийгэмлэгийн энэ удаагийн эрүүл мэндийн салбарын тусламжид эмнэлгийн гар удирдлагатай 109 ор, 20 түрдэг ор багтаж байна. Эдгээрийн ихэнхийг Булган сумын нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ.

 

Булган сумын Засаг дарга, сумын нэгдсэн эмнэлгийн дарга нар хэлэхдээ, “Тайваниас хандивласан эдгээр орыг саяхан шинээр ашиглалтад оруулсан сумын эмнэлэгтээ ашиглах бөгөөд өвчтөнийг ая тухтай байлгахаас гадна эмнэлгийн орчин, эмч ажиллагсдад ажиллах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Тайванийн тусламж хандивыг сум даяараа талархан хүлээж авч байна” гэсэн юм.

 

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун, Тайвань дахь Монголын соёлын нийгэмлэгийн тэргүүн Баатар Хай нар Ховд аймагт хүрэлцэн очиж хандив гардуулах ёслолд оролцсон юм. Хуан Куо Рун дарга хэлэхдээ, Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэг эдгээр хандивын орыг гаалийн татваргүй хилээр оруулахад тусалж, УИХ-ын гишүүн О.Батнасан дотоодын тээврийн зардлыг хариуцах зэргээр хамтын хүчин чармайлтаар ийнхүү хэрэгтэй эзэддээ хүрч байгаад баяртай байна гэлээ.

Холбоотой мэдээ