НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форстыг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-05-10 10:51:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форстыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр, хоёр тал Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төсөл, бизнес ба хүний эрх, мөн Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн тогтолцоог шинэчлэх ажлын явцын талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын гишүүний хувиар өөрийн санаачилж байгаа Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслөө танилцуулж, хүний эрхийг хамгаалагчийн тухай ойлголт, тэдний эрх зүйн байдлыг баталгаажуулахын ач холбогдол, мэдлэг мэдээллийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв. Мөн эдийн засгийн тогтвортой өсөлт, ажлын байр, орлого бий болгоход бизнесийн орчин нөхцөлийг зөв бүрдүүлэх асуудал нэн чухал болохын сацуу хүний эрх баталгаажсан газар бизнес өсөж хөгждөг тул бизнесийн хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой гэлээ.


НҮБ-ын Тусгай илтгэгч Мишел Форст, "Тусгай илтгэгчийн мандат нь аливаа улсыг буруутгах бус харин хүний эрх, хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө тухайн улстай хамтран ажиллах, дэмжих зорилготой. Монгол Улсад ирэхийнхээ өмнө хүний эрхийг хамгаалагч нарын нөхцөл байдлыг илүү өөдрөг төсөөлөлтэй байсан. Харин энэ айлчлалын хугацаанд уулзсан хүмүүсийн яриа, ажиглалт, судалгааны үндсэн дээр нөхцөл байдал сайнгүй байна гэсэн урьдчилсан дүгнэлт хийлээ. Тиймээс Монгол Улс дахь ажлаа энэ удаагийн айлчлалаар дуусгах биш цаашдаа Монголын талтай үргэлжлүүлэн тогтвортой хамтран ажиллана. Хүний эрхийг хамгаалагчийн тухай бие даасан хууль нь хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийг хамгаалах маш чухал механизм" гэв.

Холбоотой мэдээ