Хурдан даага, шүдлэнгийн уралдаан болов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 10:54:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас "Ирээдүйн түмэн эх" аймгийн бүсийн хурдан морьдын уралдааныг  шүдлэн, даага насны ангилалд сумын "Ноён хутагтын уяачид" МСУХ-той хамтран  тавдугаар сарын 13-нд зохион байгууллаа.

Гарааны зурхайгаас 36 хурдан үрээ эргэхэд Дэлгэрэх сумын уяач Ш.Энхтүвшингийн хээр үрээ магнайдаа тоосгүй түрүүлсэн бол аман хүзүүнд Сайншанд сумын уяач Д.Баянмөнхийн бор үрээ, айргийн гуравт Улаанбадрах сумын Т.Алтанбатын будан үрээ, айргийн дөрөвт Замын-Үүд сумын Ж.Бямбацогтын халтар, айргийн тавд Дэлгэрэх сумын С.Ууганбаярын хонгор үрээ давхисан байна.

Хурдан дааганы уралдаанд 36 хурдан буян мордсоноос Сайхандулаан сумын уяач н.Эрдэнэ-Олдохын хүрэн даага түрүүлсэн бол аман хүзүүнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ж.Гомбын сартай хүрэн даага, айргийн гуравт Сайншанд сумын Н.Дашнямын хонгор халзан, айргийн дөрөвт Өргөн сумын Б.Мөнхбаатарын хээр, айргийн тавд Сайхандулаан сумын Д.Батцэнгэлийн хар бор даага тус тус хурдлав.  Хурдан хүлгийн уралдааныг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгууллаа.

Дашрамд дурдахад хрдан морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, морь уяж сойх үйлсэд өөрийн оюун ухаан, хүч хөрөнгөө зориулж байгаа уяачдын арга туршлагыг солилцуулах, тэдний алдар хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготоор  "Дорноговь шигшмэл хурд-2019" хурдан морины уралдааныг хаалттай хэлбэрээр тавдугаар сарын 05-нд тус суманд зохион байгуулсан  юм.   

Холбоотой мэдээ