Улаанбурханы эсрэг вакцин хийж эхэллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-16 19:33:01

Дорноговь /МОНЦАМЭ/. 10-18 насны хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тавдугаар сарын 15-наас хийж эхэллээ.

Вакциныг сумын Өрхийн эрүүл мэндийн төв, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар, аймгийн МСҮТ, дунд сургууль зэрэг газарт түр цэг байгуулж хийж байгаа бөгөөд нийт 10000  мянган хүүхдэд хийнэ гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Мөн вакцин хэрхэн хийх талаар эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан 40 гаруй хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулсан байна.  


 “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр Дорноговь аймагт хэрэгжиж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах аж.

Дорноговь аймагт ЭМ-ийн даатгалаар хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий таван хувийн эмнэлэг шалгарч  02-12 насны хүүхдийг таван жилд нэг удаа үнэ төлбөргүй эмчлэхээр шалгарчээ.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн нээлт Дорноговь аймагт болж ѳмнѳх жилүүдэд хэрэгжүүлсэн “Эрүүл шүд” аяны үр дүнгийн талаар аймгийн ЭМГ-аас олон нийтэд мэдээлсэн.

"Эрүүл шүд" аянаар эрүүл шүдтэй байгууллага, хамт олон шалгаруулсан бөгөөд эрүүл шүдтэй байгууллагаар Сайншанд сумын есдүгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль шалгарчээ.

Өнгөрсөн хугацаанд дээрх аяны хүрээнд Эрүүл мэндийн газар Амны хөндийн эрүүл ахуйн сургалтын кабинетыг байгуулж  2017 онд тус аймагт гадаад, дотоодын шүдний эмч нарын хамтарсан баг зөвхөн нэг удаагийн үзлэгээр 1765 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж 200 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн аж.


Эмнэлгийн цогц шинжилгээ үйлчилгээ үзүүлж байна

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГ, сумын ЭМТ хамтран артерын даралт, чихрийн шижин, сүрьеэгийн эрт илрүүлэг зэрэг зургаан төрлийн үзлэг, долоон төрлийн шинжилгээг тавдугаар сарын 13-наас эхлэн зорилтот зургаан суманд үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Учир нь Замын-Үүд, Зүүнбаян, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Өргөн зэрэг суманд өвчлөл их байдаг аж. Тухайн өвчнийг эрт илрүүлэх, эрсдэл бүхий хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой дээрх үзлэг, шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хийж буй бөгөөд зорилтот сумдын 1400 гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Үзлэг, шинжилгээ тавдугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.


 "Эрүүл насжилтын төлөө хамтдаа" аян эхлэв              

"Эрүүл насжилт настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийн нээлт Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.

"Инээмсэглэл-эерэг хандлага" уриан дор ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой хөтөлбөрийн нээлтэд Дорноговь аймгийн төвийн бүсийн настнууд, Геронтологийн үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сайншанд сумын ЗДТГ, Ахмадын хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцсон байна.

Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг дөрвөн чиглэлээр үзүүлж, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, ясны нягтрал тодорхойлох, цусанд хавдрын маркер, захын цусанд өлөн үеийн глюкоз, хеликобактер, BC вирус илрүүлэх шинжилгээнд настнуудыг хамруулснаас гадна нойргүйдэл, эмийн зохистой хэрэглээ сэдвээр сургалт зохион байгуулав.


Нэгдсэн эмнэлэг гемодиализын аппараттай боллоо

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг гемодиализын  аппараттай боллоо. “Их шүүдэргэнэ-Импорт” ХХК-иас Нэгдсэн эмнэлэгт 160.0 сая төгрөгийн өртөгтэй хоёр аппаратыг үнэ төлбөргүй бэлэглэв.

Гемодиализын аппарат нь бөөрний үйл ажиллагааны цочмог алдагдалтай, бөөрний цочмог дутагдал үргэлжилж байгаа, артерын даралт бага, шокын байдалтай үйлчлүүлэгчдэд цусны эргэлтийг муутгалгүй тогтвортой нөхцөлд бөөр орлуулах эмчилгээг хийдэг төхөөрөмж аж.

Мөн энэхүү аппаратыг удаан хугацаагаар үргэлжилдэг элэг шилжүүлэн суулгах хагалгааны үед болон хагалгааны дараах өвчтөнд хэрэглэх өндөр ач холбогдолтой гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Гемодиализын аппаратаар 20 хүн дөрвөн ээлжинд өглөөний 06:00 цагаас 24:00 цаг хүртэл үйлчлүүлдэг байсан бол шинээр хоёр аппараттай болсноор хоёр ээлжээр өдөртөө үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн аж.


Холбоотой мэдээ