Б.Шаравын алтан пянзыг маргааш нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2019-05-21 11:21:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын  "Хоёрдугаар симфони” алтан пянз Лондон хотоос ирлээ. 

Энэхүү бүтээлийг нээх ёслол маргааш болох юм. Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн "Хоёрдугаар симфони" тэргүүтэй 300 ширхэг хос алтан пянз 5 бүтээлээс бүрджээ. Энэ пянзанд Хоёрдугаар симфони” 1987 он, “Монгол орон бадартугай 2011 он, “Эхийн сэтгэл шиг 2018 он, “Зуурдын орон” 1998, “Трио1980 он гэсэн шилдэг бүтээл багтсан байна. Пянзны борлуулалтын орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм. 

Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байжээ.

Холбоотой мэдээ