Алдарт “Буур хээр”-ийн талд сүндэрлэсэн чулуун хөшөөний тухай дурсахуй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-21 23:43:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас холгүй орших, Алтанбулаг сумын нутаг дахь “Буур хээр”-ийн талд нэгэн чулуун хөшөө сүндэрлэн оршдог. Энэ талд найман зууны тэртээ Тэмүүжин Мэргэдүүдэд булаагдсан Бөртэ хатнаа буцаан авч их Монгол Улс үүсгэн байгуулах түүхэн ялалтын эхлэл тавигдсан түүхтэй.

Мөн энд Монголын тусгаар тогтнолын түүхтэй холбоотой олон олон үйл явдал өрнөж байсныг түүх гэрчлэн авч үлдсэн байдаг. Эл газар нутагт, “Буур хээр”-ийн чулуун хөшөөний урдханд боргилох "Төгсгөө булаг"-ийн дэргэд алдарт "Буурын гэрээ" хэмээх гурван улсын гэрээг үзэглэж, Буур хээрийн алдарт тал, Улаан бургас дамжин ардын хувьсгалын анхны ялалтын цуурай хадаж байсан тухай зохиолч яруу найрагч Т.Доржсүрэн хуучиллаа. 

"Монголын нууц товчоо" зохиол бичигдсэний 750 жилийн ойгоор заавал нэг сайхан зүйл хийе гэж зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, Т.Доржсүрэн, хөгжмийн зохиолч агсан Г.Сүрэнчулуун нар ярилцаад хөшөө босгоё гэсэн санаа өвөрлөн ажлаа эхлүүлж байсан гэнэ. Энэ ажлыг эхнээс нь дуустал явж энэ алдарт хөшөөг босгуулсан хүн бол яруу найрагч Н.Сүхдорж гуай ажээ. Энэхүү алдарт чулуун хөшөөг босгох явцад Сэлэнгэ аймгийн нам, төрийн байгууллага, зураачид, бусад хүмүүс сэтгэл зүрхээрээ оролцсон байна. Ингээд хөшөөнд зориулан 27 тн жинтэй энэ аварга чулууг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан тосгоны хоймор залрах “Дулаанхан” уулнаас авч иржээ.

Энэ ажилд тухайн үед нутаг буцаж байсан орос цэргүүдийн хүчит техникийн туслалцаатайгаар Буур хээрт авчирч байсан түүхийг зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн гуай ярилаа. Ингээд "Монголын нууц товчоо" зохиол бичигдсэний 750 жилийн ойгоор хөшөөний нээлтээ хийж, Сэлэнгэ түмэн наадаж, Хөвсгөл нутгийн хүү, элгэр мөрөн” дууны үгийг бичсэн түүхч, яруу найрагч И.Цоодол гуай наадмыг хөтөлж, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч П.Сандуйжав, яруу найрагч Ж.Сарантуяа, М.Миеэгомбо нарын олон зохиолчид хүрэлцэн ирж, энэ сайхан хээрт цуглан шүлгээ уншиж байсан ажээ. 



Холбоотой мэдээ