Хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-27 15:30:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны дэд ерөнхийлөгч Алейн Пилоуг өнөөдөр хүлээн авч уулзав.


Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлэв.


Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад энэ он гарсаар 70 сая еврогийн санхүүжилт хийсэн бөгөөд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу хэлэв.


Хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Улаанбаатар-Дарханы замын шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанд нь дуусгах ёстой гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн цаашид уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, дэд бүтэц, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, дулаан хангамж, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцосон юм.

Холбоотой мэдээ