Индонез улс эрүүл мэндийн салбарт ДНБ-ийхээ таван хувийг төсөвлөдөг

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-27 18:12:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы III хуралдаан “Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь” сэдвийн хүрээнд боллоо. 


Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Тэрбээр, энэхүү салбар хуралдаанаар Тогтвортой хөгжлийн 3 дугаар зорилт буюу эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэнэ. Тухайлбал, эх, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэнд, ДОХ болон бэлгийн замын бусад өвчин, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар бүс нутагт тулгараад буй сорилт бэрхшээлүүд болон ололт амжилтын талаар хэлэлцэнэ гэдгийг онцолсон юм. 


Хуралдааны эхний илтгэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн Каори Ишикава тавилаа. Тэрбээр, НҮБ-ын Хүн амын сан Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад нийгмийн олон бүлэглэлд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт Ази Номхон далайн бүс нутгийн 156 сая эмэгтэй хамрагдсан. Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэхүү том бүс нутагт Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж чадвал уг зорилгыг дэлхий нийт биелүүлсэн гэж үзэж болно гэдгийг онцоллоо.



2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлснээр, үр дүнд хүрэхэд ойрхон байна. Тухайлбал, Монгол Улс 1990-ээд оны үед эх, нялхсын эндэгдэл их байсан бөгөөд хүн ам цөөтэй, газар нутаг өргөн уудам учраас хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулахад бэрхшээлтэй байлаа. Гэвч Монгол Улс эх, нялхсын эндэгдлийг бууруулж чадсан төдийгүй өнөөдөр дэлхийн дунджид хүрсэн. Цаашид, 2030 он хүртэл 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийн пунктыг 15-д хүргэж бууруулах зорилт тавин ажиллаж байна. Гэтэл зэвсэгт мөргөлдөөн, ядуурал, эрүүл мэндийн салбар нь төлөвшөөгүй зэрэг шалтгаанаар бүс нутгийн 12 оронд эхийн эндэгдлийг бууруулах нь хүнд асуудал хэвээр байна гэв. Хатагтай Каори Ишикава илтгэлийнхээ төгсгөлд парламентын гишүүдэд хандан Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэлх хугацаанд улс төрийн талаас дэмжин, туслахыг хүслээ.



Дараа нь Вьетнам Улсын Олон нийтийн хөгжлийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал Хуат Тхи Хай Оанх илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, Ази Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйлс олон байгаа бөгөөд зорилтот бүлгийн зарим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ хүрэхгүй байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгааг дурдсан юм. Тиймээс хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, мөн эрүүл мэндийн салбарын төсвийн захиран зарцуулалтад анхаарлаа хандуулахыг төлөөлөгчдөд зөвлөж байлаа. 



Хуралдаан Индонез улсын парламентын гишүүн, Тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн парламентын чуулганы дарга Нурхаяаты Али Ассегафын илтгэлээр үргэлжлэв. Тус улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ нэвтрүүлсэн шинэлэг ажлын талаар тэрбээр илтгэлдээ дурдсан. Тухайлбал, тус улс бүх нийтийн боловсролыг дээшлүүлэхэд улсын төсвийн 30 хувийг зарцуулдаг. Парламент нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан байна. Мөн парламентаас Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай зэрэг олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарт чиглэсэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт ДНБ-ий таван хувийг төсөвлөдөг байна. Индонез улс 267 сая хүн амтай бөгөөд хүн нэг бүрийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын нэгдсэн шинэ системд хамруулж, эрүүл мэндийн хөтөлбөрийг бүх хүнд тэгш, хүртээмжтэй байхаар хэрэгжүүлж байгааг дурдсан юм.



Салбар хуралдаанд тавьсан илтгэлийн хүрээнд төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, улс орондоо эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудлаар хийж хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, үр дүнтэй туршлагаасаа хуваалцсан юм. Төлөөлөгчид эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмснээр тухайн улс орны тулгамдаж байгаа олон асуудал шийдэгдэж буйг онцлов. Мөн хувь хүний чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар боловсрол, эрүүл мэндийн зөв дадалд суралцах, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болох зэрэг эерэг үр дүнд гарч байгааг дурдав. Ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээний хүртээмжийг нэмж, хөрөнгө оруулж чадвал улс орнуудын хувьд, Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чухал үр нөлөө үзүүлнэ гэж байлаа.


Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан маргааш буюу энэ сарын 28-нд салбар хуралдаан, дугуй ширээний хэлэлцүүлгүүдээр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ