Д.Анхбат: Хамгийн бохир усыг арьс шир, өлөнгийн үйлдвэр нийлүүлдэг

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-05-27 20:12:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлж буй ажлын талаар БХБЯ-наас өнөөдөр мэдээллээ.

Энэ хавар салхи хүчтэй салхилж, одоо цаг агаар огцом дулаарснаар лаг ялзарч байна. Үүнтэй холбоотойгоор Төв цэвэрлэх байгууламжийн лаг өмнө нь нийт 10 га газар тархаад байсны тал хувийг цэвэрлэж, аль болох үнэр гаргахгүй байхаар ажиллаж байгаа талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат мэдээллээ.

Тэрээр, “Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. Одоо газар шорооны ажлыг эхлүүлж байна. Үүнээс өмнө лагийг ариутгаж, үнэргүй болгохоор ажиллаж байна. Энэ талаар япон, м

онгол эрдэмтдийн гарган авсан технологийг ашиглаж байна. Хар шороон хөрс гаргаж байна.

Нийт 700 мянган ам.дөрвөлжин талбай бүхий лагийг цэвэрлэх ёстой. Өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн лагийг усгуйжүүлэх ажил ирэх долдугаар сард дуусна. Ингэснээр лагийн хэмжээ буурч, үнэрийг нь тухайн агшинд нь дардаг болно. Лагийг байгалийн аргаар буюу ил задгай хадгалдгийг болиулахаар ажиллаж байна” гэв.

Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохирдолтой ус хүлээн авах зориулалттай бөгөөд энд ирж буй бохир ус нь одоо найман төрлийн эх үүсвэртэй байгаа аж. Энд машин угаалга, өлөн боловсруулах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд хамгийн бохир ус нийлүүлдэг байна. Тиймээс дээрх төрлийн үйлдвэрүүдэд бохироос урьдчилан сэргийлэх, бага оврын байгууламжтай болохыг шаардаж байна.

Зарим газар бохироос сэргийлэх байгууламж барьчихсан байгаа талаар БХБЯ-наас мэдээллээ. Түүнээс гадна Төв цэвэрлэх байгууламж Ус бохирдуулсны төлбөрийн хуулийн дагуу стандартаас давсан бохирдолтой усыг хүлээж авахааргүй болсон байна. 

Холбоотой мэдээ