Уур амьсгалын өөрчлөлтөөс дүрвэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-28 13:02:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хүрээнд өнөөдөр гурван сэдвийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг өрнөж байна.


Чуулганы "Уур амьсгалын өөрчлөлт ба бусад асуудал” хэсгийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга А.Ундраа даргаллаа. Хэлэлцүүлгээр, орон орны төлөөлөгчид өөрийн оронд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэв.


Тухайлахад, Шинэ Зеланд Улсын төлөөлөгч хэлэхдээ, сүүлийн жилүүдэд олон зуун мянган хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан далайн хар салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн гол шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотойг цохон тэмдэглэв. Мөн дэлхийн дулаарлын улмаас арлын орнууд усанд живэх аюулд өртөөд байна. Үүнээс улбаалж дүрвэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай. Иймд хүлэмжийн хийг бууруулж, ногоон хөгжлийн бодлого болоод сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд улс орон бүр анхаарч хамтран ажиллах шаардлага тулгараад байна гэв. 


Харин Фижи Улсын төлөөлөгч хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зөвхөн улс орны парламент, Засгийн газрууд анхаарах бус залуучуудыг нэгтгэх, татан оролцуулах, гамшгаас сэргийлэх мэдлэг, боловсрол олгоход анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Холбоотой мэдээ