Монгол Улс Ази, Европыг холбосон транзит тээврийн коридор болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-05 14:37:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Транзит Монгол-2019” чуулган өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.

Чуулганыг Засгийн газар, ЗТХЯ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган “УБТЗ” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд болж байгааг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа чуулганыг нээж хэлэхдээ онцлов. Тэрээр, юуны өмнө “Транзит Монгол үйл ажиллагааг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирснийг дурдаад, “Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр худалдааг хөнгөвчлөхөд хөрш орнуудаас үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархаж байгаа”-гаа илэрхийлсэн юм.


Төмөр замын тээх чадварыг 2020 онд 32 сая.тн-д хүргэнэ


УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа цааш нь хэлэхдээ, “Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байна. Үүнтэй уялдан төмөр замд шинэ шинэ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нэг ёсондоо “УБТЗ” хөгжлийнхөө шинэ эрин үе буюу техникийн шинэчлэлийн эрин үетэй золгоод байна. Хэрэгжүүлж буй төслүүдийг дурдвал, Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах төсөл, Ачаа тээврийн цахим мэдээлэл программ хангамж, УБТЗ-ын 2030 хөтөлбөрийн эхний шатны арга хэмжээ зэрэг томоохон ажлыг хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна” гэв.



Тэрээр, саяхан Замын-Үүдэд баригдсан Бүс нутгийн ложистикийн төвийг УБТЗ ажиллуулахаар болсныг чуулганы төлөөлөгчид, оролцогчдод мэдээлээд, “УБТЗ-ыг бүс нутгийн тээврийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгох, тээх чадварыг 2020 он гэхэд одоогийн 26 сая тонныг 32 сая.тоннд хүргэхээр шамдан ажиллаж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Транзит Монгол-2019” форумд оролцогчдод илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ уншиж танилцуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн илгээлтдээ гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй чуулганы ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд, оролцогчдод амжилт хүсэв.




Чуулганд Монголын тээвэр зуучдын холбоог төлөөлж, “Монложистик” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Тэлэнгэд “Монгол Улсын транзит коридорын өнөөгийн байдал”, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Баяраахүү “УБТЗ”-ын ачаа тээврийн үзүүлэлтэд Монгол Улсын төмрийн хүдрийн экспортын үзүүлэх нөлөө” сэдвээр, УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “УБТЗ”-ын суурь бүтцийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”, ОХУ-ын “Мосгипротранс” нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал И.В.Мицук “УБТЗ-ыг 2030 он хүртэл шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулан илтгэл тавьж байна.


Монгол Улсад транзит тээвэр, транзит жуулчид, транзит худалдаанаас орох орлого нэмэгдэх бололцоо байна


Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Удахгүй манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. БНХАУ, манай улсын хоорондох худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас худалдааны энэ том эргэлтийг дамжуулах гол бааз суурь нь манай улс байх ёстой юм. Үүний төлөө төмөр замынхаа бүтээн байгуулалтыг, ялангуяа төмөр замынхаа суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэх, замаа өргөтгөх шаардлага хэрэгцээ байна. Одоогийн богино замаар транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлэх хамгийн том бололцоо нь манай улсын зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа юм” гэдгийг тэмдэглэв.


Цааш нь хэлэхдээ, “Төмөр замаас гадна бид хойд хилээс урд хил хүртэлх автозамын бүтээн байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ хүрээнд Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км, Налайх-Улаанбаатар чиглэлийн 20.9 км, тус бүр дөрвөн эгнээ бүхий автозамуудыг шинээр тавьж байна. Үүнээс Налайхын замын бүтээн байгуулалт энэ жилдээ дуусаж, Дарханы замын хоёр эгнээ нь ашиглалтад орно.

Цаашдаа энэ дөрвөн эгнээ замыг үргэлжлүүлэн хойд, урд хоёр хилээ холбох юм. Үүнээс гадна агаарын тээврээр дамжин өнгөрч байгаа онгоцны тоог нэмэгдүүлж, энэ талаар гадаадын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллана. Ингэж байж бид транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлнэ. Монгол Улс транзит тээврээс олох, транзит жуулчдаас олох, транзит худалдаанаас орох орлого нэмэгдэх бололцоо байна” гэв.

Тэрээр ачаа тээврийн буюу автотранзит чиглэлээр Монгол Улс дэлхийн олон оронтой хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгааг дурдаад, удахгүй Санктпетербургт болох Эдийн засгийн чуулган дээр Литва улстай гэрээ байгуулах гэж байна. Өнгөрсөн жил Улаанбаатар-Улаан-Үд болон Улаанбаатар-Улаанцавын хооронд бүс нутгийн тээврийн хэлэлцээр байгуулсан. Энэ мэтээр автотээврийн тал дээр манай улс нэлээн санаачилга гарган ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэж байв.




Энэ удаагийн чуулганд Монголын Төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, ОХУ болон БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд, БНХАУ-ын Төмөр замын төв компани”-ийг төлөөлж Хөх хотын төмөр замын дарга Жан Зи И, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучийн холбооны нарийн бичгийн дарга Ли Бэйжан нарын зочид төлөөлөгч оролцож байна. Чуулганы үеэр Монголын төмөр замын 70 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн юм.




Тодруулга: Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөрийг анх 2008 онд баталж, 2009 оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо анхлан танилцуулж байв. Улмаар анхны чуулганаа 2017 онд мөн Бээжин хотод хийж, “Транзит Монгол-2018”-ыг ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулсан юм.

Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ