“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурлын 1 дүгээр суваг буюу Засгийн газрын төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн даргалав. Энэ удаагийн уулзалтад БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон, яриа хэлэлцээний түншүүд болох АНУ, Британи, Канад, Нидерланд, Норвег, ХБНГУ, Франц, Швейцар, Европын Холбоо болон НҮБ-ын төлөөлөгчид оролцов.
Талууд Солонгосын хойг болон түүний эргэн тойрон дахь сүүлийн үеийн нөхцөл байдалд өөрсдийн байр суурийг илэрхийлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг урагшлуулах арга замын талаар санал солилцов.