АНУ 50 мянга орчим цагаачийг Мексик рүү илгээж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-13 12:29:23

МЕХИКО. /TASS/. АНУ-д оршин суух эрх хүсэж буй 50 мянга орчим цагаачийг ирэх хэдэн сарын хугацаанд Мексик рүү буцааж магадгүй байна. Ийм мэдээллийг Мексикийн Дотоод хэргийн сайдын цагаачлал, хүний эрхийг мөрдөн сахих асуудал эрхэлсэн орлогч Алехандро Энсинас лхагва гарагт өгчээ.


Мехико болон Вашингтоны хооронд өнгөрсөн долоо хоногт хүрсэн хэлэлцээрийн дагуу АНУ эрх баригчид цагаачлах хүсэлт гаргасан хүмүүсийн бичиг баримтыг нь шалгах хооронд тэд Мексикт байх аж. “Ойрын хэдэн сарын хугацаанд бид 50 мянга орчим хүн хүлээн авна гэж бодож байна” гэж Алехандро Энсинас хэлсэн байна. Тэрбээр мөн  сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Мексикт түр оршин суух эрх хүссэн хүмүүсийн тоо дээд түвшинд хүрсэн болохыг нэмж хэлжээ.


Зургадугаар сарын 7-нд Вашингтонтой байгуулсан хэлэлцээрийн дагуу Мексик улс АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг таслан зогсоох арга хэмжээ авахаар болсон юм. Үүний тулд тус улсын эрх баригчид Үндэсний гвардын цэргүүдийг өмнөд хилийн бүстээ байруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хүн худалдаалдаг гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх юм. АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг бууруулахад 45 хоногийн хугацаа өгсөн гэж Мексикийн Гадаад хэргийн сайд Марсела Эбрард урьд нь мэдэгджээ.


Холбоотой мэдээ