Ээлжит бус чуулган нээлтээ хийх эсэх нь тодорхойгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-31 09:50:22

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт гурав дахь өдөр рүүгээ шилжээд байна.

Энэ сарын 29-нөөс хойш ээлжит бус чуулганыг нээхээр өглөө 9 цагаас, үдээс хойш 14 цагаас гэх мэтээр 4 удаагийн оролдлого хийсэн ч тус бүр амжилт олсонгүй.

Өчигдөр 15 цаг 45 минутын орчимд УИХ-ын дарга микрофоноо нээж, "Нийт 30 гишүүн ирж, ирц 39.5 хувьтай байна. Ирцийн байдлыг намаар нь танилцуулья. УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүний 22 нь ирж, 62.9 хувийн ирцтэй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс нэг ч хүн ирсэнгүй, ирц 0 хувь. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс 10 гишүүн ирэхээс 6 нь ирж, 60 хувийн ирцтэй байна. ИЗНН-ын хоёр гишүүн ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй, ирц 0 хувь байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг өчигдөр, өнөөдөр бүтэн 2 өдөр хүлээж байна. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн биднийг цөмийн хаягдлыг Монгол нутаг руу оруулахыг хориглож өгөөч гэж Төрийн ордны гадаа жагсаал хүртэл хийж байна. Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр хуулийн төсөл өргөн барьж, өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт орууллаа. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байгаа. МАН-ын бүлгийн гишүүд ээ, олон түмэн ийм хүлээлттэй байхад хуралдаа ирцгээе. Та бүхнийг маргааш өглөө хуралдаа ирэхийг дахин урьж байна. Ирсэн гишүүдэд баярлалаа. Маргааш өглөө 09.00 цагт танхимдаа цугларья” хэмээсэн.

Одоо 9 цаг 45 минут болоход чуулган л мөн нээлтээ хийгээгүй байна.

Б.Туул

Холбоотой мэдээ