Монгол, Япон улс соёл урлаг, спортын чиглэлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-16 13:32:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар, Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад энэ сарын 15-17-нд айлчилж байна. Айлчлалын хүрээнд, хоёр улсын сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Уулзалтын танхимд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. 



Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар урилгыг нь хүлээн авч Монгол Улсад албан ёсоор айлчилж буй Япон улсын Гадаад хэргийн сайд ноён Коно Тарод талархал илэрхийлэв. Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро халуун дотноор хүлээн авч буйд мөн талархлаа илэрхийллээ. 


Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 47 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж буйг сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр онцолсон.



Хэлэлцээрийн үеэр, Япон улсын Гадаад хэргийн сайд ноён Коно Таро, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хөнгөлөлттэй зээлийн нэгдүгээр шатыг Монгол Улс амжилттай давсныг онцлон тэмдэглээд, хоёрдугаар шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. 


Хоёр орны харилцааг гүнзгий хөгжүүлсээр байгаа нэгэн чухал зүйл нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ гэдгийг сайд Д.Цогтбаатар тодотгоод, энэхүү хэлэлцээ хэрэгжиж эхэлснээр, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Үүнд Монголын талын экспортыг нэмэгдүүлж, бизнесийн салбарыг дэмжиж ажиллахыг хүссэн. Мөн Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иений зээлийн гурав дахь ээлжийг эхлүүлэхэд дэмжлэг хүссэн. Үүнд, хоёр орны тээвэр, ложистик болон технологийн чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг талууд ярилцлаа.  


Мөн хэлэлцээрийн үеэр, Япон улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын талаар ярилцсан. Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, энэхүү нисэх онгоцны буудал нь бүс нутгийн агаарын замыг холбохын сацуу, Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл гэдгийг тодотгоод, аль болох түргэн ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн.


Консул, иргэд хоорондын харилцаа нэмэгдэж байгааг харгалзан, Консулын анхдугаар уулзалтыг долоодугаар сард хийхээр ярилцав. Мөн хоёр орны соёлын харилцааг тогтоох тохиролцоо байгуулсны 45 жилийн ой, 2022 онд Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан соёл урлаг, биеийн тамир, спортын чиглэлд нягт хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. 


Японы талаас, олон улсын олон талт хамтын ажиллагааны салбарт сонирхсон бүхий л асуудлаар стратегийн түншийн хувьд, ойр дотно яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байхаар тохиров.


Ноён Коно Таро, Монголын тусгай ур чадвартай ажилтныг Япон улсад оршин суух визний зөвшөөрөл олгох Засгийн газар хоорондын санамж бичигт дөрөвдүгээр сард гарын үсэг зурсныг онцлоод, цаашид залуу албан хаагчдыг Япон улсад урьж, аспирантур, докторантурт суралцуулах төслөөр дамжуулан Монголын хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх сонирхолтой байгааг хэлсэн. 


Мөн тэрбээр, Япон улс 2012 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн гэдгийг онцлоод, энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг үнэлж байдгаа дурдсан. Монгол Улсад өчигдөр эхэлсэн энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд-2019" олон улсын дадлага сургуульд Японы хуурай замын цэргийн 70 гаруй алба хаагч оролцож буйг дурдаад, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.


Бүс нутгийн асуудлын хувьд, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад авах арга хэмжээ, тус улсад хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улс, Япон улстай хамтран ажиллах тухай ярилцлаа.


Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро, Японы буцалтгүй тусламжаар байгуулсан АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын нэгдсэн эмнэлгийн нээлтэд үдээс хойш оролцохоо уламжилж, энэхүү эмнэлэг нь залуу эмч нарыг сургах, иргэдэд хүргэх эмнэлгийн үйлчилгээг сайжруулах чухал ач холбогдолтой төсөл болсныг тэмдэглэв.


Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ