Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-16 18:59:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсоор айлчилж буй Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро өнөөдөр бараалхав. 


Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсоор айлчилж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж буй бодлогын талаар товч танилцуулав. Улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд анхаарч ажиллах зорилготой. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг дэмжиж ажиллах, Япон Улс, НҮБ хоорондын ойлголцолд идэвхтэй байр сууринаас оролцоход анхаарч ажиллах болно. Монгол Улсын нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн жилүүдэд Японы ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг, халуун сэтгэлийг үргэлж санан дурсаж, талархаж байдаг гэсэн юм.



Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд, манай хоёр орон гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Иймд ажиллах хүч импортлогч орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна гэв. Хоёр орны ард түмэн чин сэтгэлийн найрамдалт харилцаатай нь сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараах Монголын ард түмнээс япончуудад үзүүлсэн хандив тусламжаас харагдаж байна. Япон, Монгол Улс засгийн газар, улстөрийн түвшинд төдийгүй ард түмний элгэмсэг дотно харилцаатай билээ гэв.


Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулсан АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы сургалтын эмнэлгийг нээх ёслолд оролцсон. 


Холбоотой мэдээ